Өнгөлгөөний тоосгоор хэрхэн гадна өнгөлгөө хийх бэ?

Амины орон сууцныхаа гаднах үзэмжийг өөрсдийн дуртай өнгөөр хийж гүйцэтгэх зөвлөгөөг хүргэж байна.

Хэрэглэгдэх материал:

     Өнгөлгөөний тоосго

     Цемент

     Өрлөгийн төмөр тор

     Элс

     Бэхэлгээний анкер

Хэрэглэгдэх багажнууд

Хэрэглэгдэх багаж хэрэгсэл:

       Тэгш ус

        Нийви

        Булан чиг

        Зуурмагийн хувин

        Чиг татах утас

        Зориулалтын алх

        Хүрз

        Ажлын бээлий                                                    

Ажил гүйцэтгэх дараалал:

1.    Бэлтгэл ажил

2.    Өрлөгийн зуурмаг бэлдэх

3.    Өнгөлгөөний тоосгон өрлөг өрөх

4.    Өрлөгөн хананы гадна цэвэрлэгээ, цэгцэлгээ хийх

Онцлох материалын давуу талууд нь юу вэ?

1.  Өнгөний сонголт ихтэй

2.  Өндөр бат бэхтэй

3.  Дуу чимээний тусгаарлалт сайтай

4.  Чийг шингээлт багатай

5.  Урт хугацааны эдэлгээтэй

6.  Өөрсдийн хүссэн хэлбэр дүрсээрээ захиалан авах боломжтой

Өнгөлгөөний керамик тоосго 


Юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Материал үйлдвэрлэгчээс бүтээгдэхүүний чанарын гэрчилгээг заавал авч шалгаж үзэх. /Ингэснээр хуулбар бүтээгдэхүүн авахаас урьдчилан сэргийлэх боломжтой/

-Эдийн засагт хэмнэлттэй байлгахын тулд өрлөг өрөхөд орох материалыг орц нормын дагуу урьдчилан тооцон гаргах хэрэгтэй. 

Хэрхэн амины орон сууцандаа хэрэгтэй тоосгоны тоо, хэмжээг гаргах вэ?

1. Ханын үндсэн геометр хэмжээг гаргах: Томьёо: Sб=(2x(A+B))xC=....м2, үүнд: Sб=ханын бохир талбай А=байшингийн урт, В= байшингийн өргөн, С=байшингийн өндөр /Жишээ нь: Sб=(2x(8+6))x2.8=78.4м2/ Ханын цэвэр хэмжээг гаргахын тулд  хаалга, цонхны  талбайн хэмжээг гарган ханын бохир хэмжээнээс хасч өгнө. /Томьёо: Sц=Sб-Sxаалга-Sцонх=....м2, Sxаалга=AxB=....м2, Sцонх=AxBxN=....м2 Sц=ханын цэвэр талбай A=Хаалга, цонхны өндөр, A=Хаалга, цонхны өргөн N=цохны тоо /Жишээ нь: Sxаалга=1x2=2м2, Sцонх=1.8x1.5x3=8.1м2 Sц=78.4-2.1-8.1=68.2м2гарч байна /

2.  Нэг м2 тоосгон өрлөгт дунджаар: N=52-54 тоосго ордог гэж үзвэл

3.  Нийт хэдэн ширхэг тоосго орохыг гаргах: Томьёо нь: Nт= Sц*N=....ш /Жишээ нь: Nт=68.2*54=3682.8 ширхэг тоосго хэрэгтэй/


Тоосгон эдлэлийн харьцуулалт

Тоосгоны параметрүүд

Гипер дарагдсан тоосго

Ердийн тоосго

Силикат тоосго

Керамик тоосго

Хэт шахалтын бат бэх, кг / см²

150-300

300-500

75-200

100-175

Хүйтэнд тэсвэртэй мөчлөг

75-150

50-100

35-50

15-50

Чийг шингээх,%

6-8

6-аас бага

6-12

6-8

Дулаан дамжуулалт, Вт / м ° С

0,7-0,8

0,7

0,3-0,7

0,3-0,5

Жин нь 250x120x65., Кг.

4

3-4

3,8

3,5


Бэлтгэл ажил

Өрлөг өрж эхлэхийн өмнө тусгайлан өрлөг өрөхөд зориулан бэлдсэн суурь байх хэрэгтэй. Суурь нь урьдчилан төлөвлөсөн зургийн дагуу хийгдэнэ. Суурийг зориулалтын дагуу чанартай сайн хийж гүйцэтгэснээр өрлөгийн ажил хийгдэх үед тоосго хоорондын зай жигд гарна мөн ашиглалтын явцад гадна хананд хагарал, цууралт үүсэхгүй байх давуу талуудтай. Бэлдсэн суурийн гадаргууг цэвэрлэж өрлөгийн  хэмжээ тавьсан байх шаардлагатай. Мөн өрлөг өрөхөд хэрэглэгдэх материал болон багажийг урьдчилан бэлдэх хэрэгтэй.

Өрлөгийн суурь бэлдсэн байдал

 

2.    Өрлөгийн зуурмаг бэлдэх

Өрлөгийн зуурмагт М100 марк илүү тохиромжтой. Ийм марктай зуурмаг гарган авахын тулд орц нормын дагуу элс, цементээ хооронд нь сайтар хольж нэгэн төрлийн болгосны дараагаар усаа хийн дахин зуурна. Зуурмагаа бэлдэж дууссаны дараа жигд холилдсон эсэхийг сайтар шалгана.                                                 

                                                                                            Өрлөгийн зуурмагийн задаргаа м3

Зуурмагийн төрөл

Марк

Цемент

 /тн/

Уулын

Элс /м3/

Ус

/м3/

1

Цементэн зуурмаг

25

0.22

1.03

0.3

2

Цементэн зуурмаг

50

0.231

1.15

0.32

3

Цементэн зуурмаг

75

0.352

1.14

0.32

4

Цементэн зуурмаг

100

0.462

1.11

0.3

5

Цементэн зуурмаг

150

0.476

1.06

0.3

6

Цементэн зуурмаг

200

0.52

1.04

0.24


Зуурмаг бэлтгэж буй байдал


3.    Өнгөлгөөний тоосгон өрлөг өрөх

Бэлтгэл ажил дээр тавигдсан хэмжээний дагуу өрлөгийг өрж эхлүүлнэ. Ингэхдээ өрлөгийн өнцөг, булан болон хэвтээ босоо чиглэгд чиг барьж утас татах хэрэгтэй. Өрлөг өрөгдөхийн өмнө ажлын байрны хажууд усны сав байрлуулж, дотор нь тоосгоо дэвтээнэ.  Хэвтээ давхаргын өргөн нь 10-15 мм, босоо хэсгүүд нь арай бага  8-аас 10 мм байх ёстой. Өнгөлгөөний тоосгоны хэвтээ босоо зайг зуурмагаар сайтар дүүргэн ус болон салхи нэвтэрч сийгэхгүй байхаар хийнэ. Мөн тоосгон хананд 5-6 үе тутамд өрлөгийн сеткэн тор тавьж, 60-70 см тутамд  гол ханатай бэхлэн өгөх шаардлагатай. Ингэж бэхэлж өгснөөр өрлөгийн насжилт уртасна.

Тоосго усанд дэвтээж буй байдал


 

Чиг утас татаж буй байдал



Өрлөгийн ан даралт хийж буй байдал

 

Тоосгон өрлөгийг үндсэн ханатай бэхэлж буй байдал

                                    

4.    Өрлөгөн хананы гадна цэвэрлэгээ, цэгцэлгээ хийх

Өрлөгийн гадна талд наалдсан зуурмагийн үлдэгдэл болон орчин тойрныг сайтар цэвэрлэн өгнө. Ингэж цэвэрлэгээг сайн хийснээр байшингийн харагдах байдал илүү үзэсгэлэнтэй гоёмсог болохоос гадна хөдөлмөрийн аюулгүй байдлын нэг хэсэг болно. Барилгын материал нь өөрөө өөрийгөө эдгээх чадваргүй байдаг учраас эдэлгээний явцад байшиндаа 1-2 жил тутамд урсгал засвар хийвэл илүү тохиромжтой.

Өрлөгт наалдсан зуурмагийн үлдэгдлийг цэвэрлэж буй байдал


Өнгөлгөөний тоосгоор өнгөлж бүрэн дууссан байшин